Category

Зөвлөгөө

Хоймор оффисын тухай

Монголчууд амлалтаа биелүүлдэг, биелүүлэхийн тулд хичээдэг байх хэрэгтэй

By | Зөвлөгөө | Сэтгэгдэлгүй

Юуны өмнө та өөрийгөө болон компанийхаа талаар товч танилцуулахгүй юу?

Намайг Имаи Тоёказү гэдэг. Би Япон улсын “Maruima” барилгын компанийн Ерөнхий захиралаар ажилладаг.
Сүүлийн 3-4 жилийн хугацаанд Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулан ажиллаж байна. Энэ хугацаанд Мастер групп ХХК-ийн хамтаар Хоймор хэмээх оффисын төслийг хэрэгжүүлж өнөөдөр Монголын талын ажилчидтай барилгын нээлтийн арга хэмжээг хийж байна.

Мастер Группийн хамтын ажиллагааныхаа талаар дэлгэрүүлбэл?

Тус компанийн Pro One, Хоймор оффисын төсөл дээр хөрөнгө оруулж, хоёр дахь төсөл буюу Хоймор оффисын төсөлд гар бие оролцож ажилласан. Нэгэнт бизнесийн харилцаа тогтоон, нэг нэгнээ сайтар таньж, харилцан сайн түнш байж чадахаа гэрчилж чадсан тул цаашид ч жил бүр ямар нэгэн төсөл хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна. Үүнд хүний хөгжлийн хамтын ажиллагаа ч орно.

Хамтран ажилласан төсөл дээр Япон талын оролцооны талаар сонирхуулахгүй юу та?

Хоймор барилгад хөрөнгө оруулахаас гадна, барилгын ажлын карказ зангидах шатнаас авахуулаад Япон инженерүүдийг авчирч, барилга бүтээцийн чанарт хяналт тавьж, зааж сурган, зөвлөгөө өгч ажилласан байгаа. Япон тал барилгын чанар, хяналтыг хариуцан ажилласан. Хоймор оффисын хувьд бид Мастер Групптэй хамтран япон стандартын хөрөнгийн менежментийн үйлчилгээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Учир нь барилгын чанар түүнийг барьсанаар дуусахгүй. Урт хугацаааны туршид барилгын үнэ цэнийг алдагдуулалгүй, худалдан авагч, түрээслэгчдийн сэтгэл ханамжийг өндөр байлгахтай холбоотой олон ажлуудыг хөрөнгийн менежментийн үйлчилгээгээр үзүүлнэ. Ерөнхийдөө барилга болон хэрэглэгчээ хоёуланг нь халамжлах үйлчилгээг үр дүнтэй, хамгийн сайнаар, хамгийн чанартайгаар тогтмол хийж гүйцэтгэх юм.

Барилгын Япон стандартын онцлогын талаар хэдэн зүйл онцолбоос?

Япон бол газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд байрладаг арлын орон учраас барилгын стандарт нь газар хөдлөлийн шаардлага өндөр байдаг. Мөн газар хөдлөлийн үед галын аюул нүүрлэж болзошгүй тул галын гарцын шаардлагыг нарийвчлан заасан байдаг. Хоймор оффис нь энэ шалгуурыг хангасан.

Мастер групптэй хамтран хэрэгжүүлсэн төслөө өнөөдөр ашиглалтад оруулж байна. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

Бид Мастер группын анхны ProOne төслийн барилгын ажилд бол гар бие оролцоогүй. Харин Хоймор төсөлд гар бие оролцож, тусалж дэмжин ажилласан тул хамтарсан гэдэг утгаараа чанарын хувьд илүү сайжирсан гэж бодож байгаа. Бусад компанитай харьцуулахад сайхан хэрэгжүүлсэн төсөл гэж бодож байна. Гэхдээ үүгээр сэтгэл ханаад зогсох биш, туршлагаасаа суралцан цааш цаашдаа илүү сайжирч боловсрох хэрэгтэй. Мөн Япон маягийн ухамсраас суралцаж байгаа нь анзаарагдаж, хоорондоо илүү их нийцэх болсон гэж үзэж байна.

Монголын талаар таны сэтгэгдэл?

Цаг агаарын хувьд хүйтэн байна. Бизнесийн хувьд, хөрөнгө оруулж, бүтээн байгуулалт хийх ёстой газар гэж харж байгаа. Гадаадад суралцаж, ажилласан иргэд нь эргээд улсдаа бүтээн байгуулалт хийх хэрэгтэй гэж бодож байна.

Бизнесийн боломж хир байна вэ?

Байлгүй яахав. Бизнесийн боломж бүрэн дүүрэн байна гэж харагддаг. Мэдээж зах зээлийн хямралын үед гадны хөрөнгө оруулалт орж ирэх тул үндэсний компаниуд өөрсдийгөө хэрхэн авч үлдэх вэ гэдэгт анхаарах ёстой гэж бодож байна. Мастер Групп ч гэсэн энэ тал дээр төлөвлөлт сайн хийж, хэдэн 10 жилийн турш тогтвортой орших компани болон хөгжих хэрэгтэй. Зөвхөн Монгол ч төдийгүй бидний хувьд ч гэсэн эдийн засгийн уналтын үед дампуурахгүйн тулд илүү их төлөвлөлттэй хичээн ажилладаг. Монгол бол хөгжлийн эхэн шатандаа явж байгаа ирээдүйтэй улс гэж үзэж байгаа болохоороо ч бид өнөөдөр энд ирээд зогсож байна.

Тогтвортой хөгжлийн үндэс нь юу байж болох вэ?

Далайд гарцгүй орны хүмүүсийн сэтгэлгээ нь жаахан хатуу, тогтсон байдаг санагдсан. Тиймээс өөрсдийн онцлогийг уян хатнаар хүлээн авч, тогтсон заншлыг бага багаар өөрчлөн сайжруулах хэрэгтэй юм болов уу.

Япончууд Зүүн Өмнөд Азид их хөрөнгө оруулдаг. Манай улс тэдний дэргэд бизнесийн боломж хир байгаа вэ?

Байлгүй яахав. Бид Филиппин, Тайланд, Лаост ч гэсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийдэг. Монголчуудад хийе, бүтээе, ажиллаж, хөдөлмөрлөе гэсэн сэтгэл байгаа нь харагддаг. Зүүн Өмнөд Азиас үүгээрээ ялгаатай. Эдгээр улс бол гадаадын хөрөнгө оруулалт нь голлочихсон улс, өөрсдийнх нь оролцоо бага байдаг гэсэн сэтгэгдэл төрсөн.

Монголын ҮХХ-ийн салбар, зах зээлийг хэрхэн дүгнэж байна вэ?

Санхүүгийн байгууллагуудын хүч суларсан байгаа энэ үед орон сууцны зээл авахад иргэдэд бэрхшээлтэй байгаа байх. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирснээр, зах зээл эргэлтэд орж, зээлийн хүү буурах, зээл авах боломж нэмэгдэхэд 4-5 жил зарцуулах байх гэж бодож байна. Төрөөс хүчээ хаана хуваарилахаа шийдэж, зээл авахад хялбар болбол үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт нэмэгдэх байх.

Өөрийн туршлага дээр үндэслээд Монголын барилгын компаниудад санаа оноо болгох зүйл байна уу?

За мэргэжлийн хүмүүст юу хэлэх вэ дээ. Харин ерөнхий нэг зүйл хэлэхэд амлалтаа биелүүлдэг, биелүүлэхийн тулд хичээдэг л байх хэрэгтэй гэж боддог. Тухайлбал монголчуудад алдаагаа нуух хандлага ажиглагдсан. Хүн бол хэзээ ч алдаж болно. Алдаагүй бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, хүний үйл ажиллагаа гэж байхгүй. Тиймээс алдаагаа эртхэн ухамсарлаж, хүнээс тусламж авах гэдэг өөр нэг сонголт байдгийг үргэлж санах хэрэгтэй. Хүнээс тусламж хүснэ гэдэг ичих зүйл биш шүү дээ.

Баярлалаа.